Мөнгөн аяга зөвхөн Цагаан сарын гангараа биш
Мөнгөн аяга зөвхөн Цагаан сарын гангараа биш

2021-10-23 12:02

Манай урлангийн захирал 2018-02-05нд www.gogo.mn/r/mn0oe сайтад өгсөн ярилцлага


Монголчууд эрт дээр үес үнэт эдлэлийг амьдрал ахуйдаа хэрэглэж ирсэн түүхтэй. Мөнгөн аяга, зэс домбо зэргийг хэрэглэх нь гангараа гэхээсээ илүү эрүүл мэндэд нэн тустай гэж үздэг байсан. Энэ утгаараа уран дархан удам дамжсан ур хийцээрээ ялгарч ирсэн. Орчин цагт айл болгон шахам гэртээ мөнгө, зэс аягатай. Зарим нэг нь алтан аягаар ч гангарах нь бий. Гэхдээ хүмүүс Цагаан сарын өдрүүдэд л орсон гарсан нэгэндээ харуулах, эсвэл энэ өдрүүдэд л голдуу гаргаж ирж хэрэглэдэг. Гэтэл ингэж жилийн хэдхэн өдрүүдэд гаргаж ирж хэрэглэх нь эрүүл мэндэд эерэгээр нөлөөлөхгүй. Монголчууд өдөр тутам хэрэглэж байж үр ашгийг нь хүртдэг байсан талаар удам дамжсан уран дархан Талст-Урлан ХХК-н захирал О.Мөнгөнцоож хэлж байлаа. Манай ард түмэн Мөнгөн талст брэнд нэрээр нь илүү сайн мэдэх билээ.    

-20 гаруй жил хэрэглэгчдийнхээ хүсэл сонирхолд нийцсэн мөнгөн аяга, эд эдлэл урлаж, худалдаалдаг “Мөнгөн Талст” брэндийн түүх хэзээнээс эхэлсэн бэ?

-Миний ээжийн аав 1988 оноос хувиараа дархан хийж эхлээд, 1990 онд Монголдоо анх Гоёл чимэглэлийн үйлдвэр нээж, алтан ээмэг, бөгж хийдэг байсан гэдэг. Сүүлд нь “Мөнгөн завъяа” зэрэг дэлгүүрийг үүсгэн байгуулалцаж байсан юм. Одоо өвөө минь гавъяаныхаа амралтаа аваад гэртээ сууж байгаа.

Харин аав маань 1995 онд IV дүгээр цахилгаан станцад ажиллаж байгаад өмч хувьчлалын үеэр ажлаасаа гарсан юм билээ. Өвөөгийн маань, мөн манай аавын маань дарханы удамтай хүргэн ахын нөлөө байсан гэдэг. Аав маань тухайн үед гэрийн хошлон өнгөнд оруулчихсан “Окей” гээд дарчихсан өмдний тэлээ үйлдвэрлэдэг байсан. Бидний үеийнхэн сайн мэднэ дээ.

Тэгээд нийлж хамтран ажиллаж байгаад өвөө ээмэг бөгжөө хийж, аав мөнгөн аяга дагнаж хийж эхэлсэнээр манай компанийн түүх эхэлсэн.

-Мөнгөн аягаа л дагнан хийж байсан уу?

-Үгүй ээ. 1995 онд анх байгуулагдаад том хүний, залуу хүний, хүүхдийн алтан, мөнгөн сүүжин ээмэг, гинж бугуйвч хийнэ. Тэр үед аяга тийм их байдаггүй, ганц нэг л байна. Сардаа 2-3 ыг л хийгээд Магда, Улсын их дэлгүүр, Дэнжийн 1000-ийн бараан зах дээр л зардаг. Үйлдвэрлэх хэмжээнд ихээр хийж байгаагүй. Тэгээд л 1-2 шавьтай болсны дараа үйлдвэрлэлийн системд орсон юм билээ.

Тухайн үед улсын бүх юм зөв явдаг. Хар зах зээл гэж байдаггүй, гоёл чимэглэл хийж гэж байгаа хүн сорьцын байгууллагад л ханддаг. Тэндээ очиж тайлангаа өгч, ийм материал авмаар байна гээд тэндээсээ цохолт аваад Монгол банкинд очдог байсан. Хэн ч хамаагүй дуртай юмаа хийгээд, санаанд орж ирсэн тоогоо тавьдаггүй байсан. Харин 2000 оноос нийгмийн тэр систем унасан байна.

-Дархчууд ур хийцээрээ ялгардаг шүү дээ. Танайх ямар хийцээр урлаж байна?

-Манай аав анхнаасаа аль нэг хийц гэж дагнаагүй юм билээ. Ер нь одоо аль нэг хийцийг дагнадаг хүн байхгүй болсон. Дээр үеийнх үнэтэй, чанартай гэдэг ч бүгд сайн гэсэн үг биш. Орчин цагт хөгжиж, чиг хандлага өөрчлөгдөж байна. 

-Тэгвэл ямар өөрчлөлтийг хийж байна?

-Манай хамт олон сүүлийн 2-3 жил цахим орчинд өөрсдийн хийсэн мөнгөн эдлэлийн зургийг оруулж, үнэ бичихээсээ илүү өдөр тутам хэрэглэхийн утга учрыг нь хүмүүст тайлбарлаж байна. Бидний хөгжил дэвшил гэвэл хэрэглэгчдэд чанарыг л гол болгож байна. Ер нь хоёр төрлийн үйлдвэрлэгч байдаг. Нэг нь хэдхэн цөөн хүнд зориулсан асар үнэтэй урлаг талаас нь хийдэг хүмүүс. Нөгөөх нь олон нийтэд зориулж үйлдвэрлэж байна. Манайх яг дунд нь байгаа. Үнэтэй нь ч байгаа, байнгын хэрэглээнд байх нь ч байдаг.

-Хүмүүс гэртээ мөнгөн аяга их авдаг болсон. Энэ нь хэр зөв хандлага юм бэ?

-Одоо цагт айл болгон гэртээ мөнгөн аягатай л байх ёстой гээд аваад байна. Тэгээд “Надад 20 аяга байна, 40 аяга байна гээд тоогоороо өрсөлдөөд байгаа харагдад байна. Тоогоор яриад байх нь чухал биш. Түүнээс хэрэглээ болох нь хэд байна. Хамгийн гол нь чанартай, хүний хэрэглээг хангаж байх ёстой.

Нөгөө талаар өөрийн хэрэглээ ч гэсэн үр хүүхдэд өв болж үлддэг эд. Манай гэрт л гэхэд аавын маань хөөрөг байлаа гэхэд хэдэн зуун саяынх байх эсэх нь чухал биш. Бид баяр ёслолын үеэр гаргаж ирээд аавыгаа дурсдаг. Жаахан үнэ сайтай бол бидэнд байгаа капитал л гэсэн үг.

-Гэхдээ хүмүүс зэс аяга илүү их хэрэглээд байгаа юм шиг харагддаг?

-Миний аавын өвөг дээдэс одоогийн Дундговь аймгийн Дэрэн сумын улсууд. Хуучнаар Түшээт ханы Дайчин бэйсийн хошууны хүмүүс. Тухайн үедээ гайгүй гарал үүсэлтэй хүмүүс байсан. Язгууртан арай биш л дээ. Тэднээс бидэнд өвлөгдөж ирсэн юм надад болон манай хамаатнуудад их байдаг. Тэндээс ажиглаад байхад мөнгөн аяга л өвлөгдсөн байдаг.

Зэс хүний биенд сайн. Гэхдээ зэс данханд цай чанаж, зэс тогоонд хоол хийж идвэл сайн гээд байгаа нь буруу. Монголчууд зэсээр хувин, домбо, гартаа бугуйвч болгох зэргээр л хэрэглэдэг байжээ. Харин хоолны аяга нь л зөвхөн мөнгө байсан.

- Уран дарханы мэргэжлийг өвлөж авдаг шүү дээ. Таны гар их уян юм. Та хэр уран бэ?

-Би учиргүй уран дархан биш л дээ. Би огт өөр мэргэжилтэй зүгээр л энэ ажилд өөрийн эрхгүй орчихсон юм. /инээв/ Анх аав уран дарханы ажил эхэлж байхад би утсан сүлжмэлийн утсыг цувиж өгөхөд нь тусалж татна. Сүүлд аяга хийхэд нь ядаж л дөшийг нь зүлгэж өгнө. Тэр үед элдэв багаж байгаагүй юм.

1996 оноос л Сорьцын алба хажуудаа багаж захиалдаг газартай болсон. Италийн ганцхан багаж захиалж болдог. Тэр нь үнэтэй учраас өөрсдөө л хамаг юмаа хийдэг байсан. Тэгэж аавдаа тусалж явсаар 7 дугаар ангиасаа 10 дугаар төгстөл зуны амралтаараа аавтайгаа ажилласан. А –гаас нь эхэлж заалгаж байлаа. Харин одоо захиалсан бүтээгдэхүүнд хамгийн сүүлд гар хүрээд хаана юуг нэмэх, засах зэргийг харж шийддэг болсон байна.

-Бусад дархчуудаас ялгарч, худалдан авагч хараад л танай бүтээгдэхүүн байна гэж мэддэг шинж тэмдэг байгаа юу?

-Манайх ер нь хөөмөл хийц голдуу. Олон жилийн хугацаанд Энэ “Мөнгөн талст”-ынх гээд мэддэг хэрэглэгчид маань бий болсон. Манайхыг хэрэглэгчид маань хараад л ер нь мэддэг дээ.

-Дарханы ажил хэр чимхлүүр ажил вэ?

Хүмүүс энэ ажлыг их амархан, хэвэнд цутгаад л аяга болгоод зарчихдаг. Тэгээд тэрийгээ өндөр үнэ хүргээд байна гэж хардаг. Гэтэл нэг бүтээгдэхүүнийг гаргахад хугацаа шаардлагатай. Саяхан бид авдар гаргасан. Нэг нь 3 сая 500 мянган төгрөгийн үнэтэй. “Хүүе ямар үнэтэй юм” гэдэг. Хийсэн хугацаагаар нь харвал 4 залуу нийлээд намраас хойш л ажилласан. Одоо л 2 ширхэг авдар гараас гаргалаа. Нэг бүрчлэн деталь хийнэ. Санааг анх гаргаад л ийм байна гээд тэрэндээ зохицсон хийц урласан юм. 

УРАН ДАРХАН ГЭДЭГ СЭТГЭЛ, ТЭВЧЭЭР ШААРДДАГ АЖИЛ

-Хүнээс бүтээл төрөхөд сэтгэл санааны байдал их нөлөөлдөг шүү дээ.

-Хүмүүс захиалга өгөхдөө жишээ нь 1 сарын 10 нд ирлээ. 1 сарын 30 гэхэд тийм аяга авъя гэдэг. Мэдээж хийнэ. Гэтэл заримдаа тэр өдөр яагаад ч болдоггүй. Болохгүй хүний юм гэж бас байдаг. Зарим хүнийх өдөртөө гарчих тохиолдол байхад, гарахгүй үе ч байна. Тэр үед түр орхиод л маргааш нь хийдэг. Тэгэхээр хийж байгаа зүйлд хугацаа заах хэцүү байдаг. Уран дархан гэдэг сэтгэл, тэвчээр шаарддаг ажил шүү дээ.

 -Үйлчлүүлэгч ер нь хэдийд захиалга өгвөл болох вэ?

-Улирал, болохгүй бол сарын өмнө захиалвал их зүгээр. Гэхдээ хэр их ажиллагаатай, хийц зэргээсээ л хамаарна. Гэтэл хүмүүс гэнэт шинэ жил өнгөрөөд, 2 сар дөхөөд ирэхээр л “За одоо энийг хийлгэмээр байна, мөнгөн аяга гаргаад өг” гэдэг. Ихэвчлэн танилын шугамаар хийгддэг учраас нөгөөхийг нь хийж дуусгах гээд өдөр шөнөгүй л суух хэрэг гардаг. Уг нь бололцоотой бол намар материалаа авчирч өгөөд, Цагаан сараар хэрэглэх юм гэвэл бид завтай тухтай хийж өгөх юм.

-Сар шинээр л хэрэглэх юм шиг бодоод байдагтай л холбоотой юм болов уу?

-Тийм, ихэнх хүмүүсийн хандлага л даа. Уг нь заавал сар шинээр л хэрэглэх гэлгүй өөрийнхөө эрүүл мэндийн төлөө өдөр бүр мөнгөн аяга хэрэглэдэг байх хэрэгтэй. Сүүлийн үед хүмүүсийн хүсэлтээр сэнжтэй аяга хийж байгаа. Хүмүүст их таалагдаж байна. Дотор нь мэдээж мөнгө. Ингэснээр өдөр тутам хэрэглэх боломжтой болж байгаа.

-Тийм аяга хийлгэе гэвэл ямар үнэтэй байх вэ?

-Хэмжээнээсээ шалтгаалаад 150-200 мянган төгрөг. Гэхдээ дархчуудын авч байгаа мөнгөн дүн өндөр сонсогдовч, ихэнх нь материалын үнэ байдаг. Тэр үнийг бид зохиодоггүй. Биржийн ханшаар л шийдэгддэг гэдгийг хүмүүст ойлгох хэрэгтэй. Нөгөө талаар энэ мөнгөн эдлэл ямар хэрэгтэй юм бэ гэдгийг хэлж өгөхийг хүсэж байна. Надад өвөг дээдсийн өвлүүлж үлдээсэн юм байгаа гэсэн дээ. Энэ нь нэг талаар өв соёл, өвөг дээдсээ дурсан санах, нутаг усаа мэдэх түүхийн дурсгал.

Хоёрт мөнгөөр тооцвол тэр чинь өсдөг мөнгө. Саяхан нэг найз маань утасдаад алтан гинжээ зарах гэсэн юм. Болохгүй бол эвдээд өөр юм хийлгэе гэсэн. 2007 онд авсан гинж тухайн үед 1 гр алт 40-50 мянга, өнөөдөр 1 гр алт 110-120 мянга болсон байна. Банкинд мөнгө хийснээс илүү өсчихсөн байна. Үл хөдлөх хөрөнгө шиг үнэ нь дандаа өсөж байдгаараа үнэт эдлэл ялгардаг. Гар утас, электрон бараа бол үнэ нь улам л буурдаг. Тэрнийг ойлгосон хүмүүс л илүү их үнэт эдлэл хийлгээд байна.

-Түүхий эдээ хаанаас яаж авч байгаа вэ?

-Түүхий эдээ бид хар зах зээлээс л авч байна. Энэ салбарт зориулсан бирж өмнө нь байсан ч одоо алга. Улсын хэмжээний цэвэршүүлэх лабораторигүй тул Орос руу явуулаад, эргүүлэн авдаг байсан нь больчихсон. Гэхдээ түүхий эд эргэлтэнд орсон байна. Тухайлбал 10 жилийн өмнө мөнгөн аяга авсан нэг хүн мөнгөний хэрэг болоод худалдаалахад тэрийг нь худалдан авч хайлуулан шинээр хийх зэргээр л ажиллаж байна. Тэгээд ч бид хэдэн зуугаар нь хийдэггүй, цөөн тоогоор хийдэг болохоор түүхий эд болоод л байгаа. Магадгүй олон улсын хэмжээнд хийнэ гэвэл түүхий эдийн нөөц байхгүй ээ.

-Гадаадын зах зээлд гаргах асуудлыг сонирхож үзсэн үү, гадныхан хэр их авдаг вэ?

-Ер нь бага сонирхдог. Яагаад гэвэл энэ талын мэдээлэл байхгүй. Мөнгөн аяга гээд Гүүглээс хайхаар ганц нэг дарханы яриа. Тэрийг нь гадаад хүн ойлгохгүй. Манай нэг ах Америкт байгаа консул руу мөнгөн аяга хэрэгтэй байна гэхээр нь хичээж урлаад л явуулсан. Сүүлд нь сонсох нь хананд буудаад таваг шиг тогтоочихсон байсан гэнэ лээ. Хэрэглээг нь хэлж өгөөгүй байх нь. Тэгэхээр Монголчууд бид өөрсдөө эхлээд хэрэглэж сурч байж, дараа нь гадаад зах зээл гэж ярих ёстой.

-Магадгүй өөрсдөө ойлгоод ирвэл гадаадаас ирсэн хүнд асуудалгүй тайлбарлаад өгнө шүү дээ?

-Тийм тэгэлгүй яахав. Гэхдээ гурван төрлийн хүмүүс байна. Нэг нь хэрэглээгээ маш сайн ойлгочихсон. Энэ маш бага хувь нь байгаа. Удаах нь ямар ч байсан манайд байх ёстой гээд гангараа маягаар тоонд ач холбогдол өгдөг. Гурав дахь нь ойлгохгүй. Зэс, мөнгөн аяга эдлэл авсан хүмүүсээ “Баян тансаг” гэж ад үзэж буруутгах хандлагатай байдаг.

-Хүмүүсийн сонирхол хэрэглээ голдуу байна уу, чамин ганган тал нь их байна уу?

-Эхэндээ хэрэглээ голдуу байсан. Бусад салбарынхан буюу зураач, барималч, сийлбэрчин орж ирсэн. Тэд урлаг тал руугаа болгож байна. Нэг талаас нь урлаг болгож байгаа ч нөгөө талаар мөнгөн хөрөнгөө хадгалах нэг хэлбэр болгосон. Нийт худалдан авагчдын 50 хувь нь ямар нэгэн арга хэмжээнд хүнд өгдөг бэлэг юм байна гэсэн ойлголттой. Тиймээс л хэрэглэгчдээс өөрсдөөс нь асуудал үүсээд байна гэж харж болно.

-Ямар асуудал?

-Хүн өөртөө аяга авч байгаа бол хамгийн чанартай боломжийн аягыг нь сонгоно. Ямар нэгэн баяр ёслол арга хэмжээ болохоор хадагтай аяга барьж очих ёстой гээд бодчихсон. Тэгээд муу хардлага нь бидэнд чиглэдэг. Хямд үнэт эдлэл үйлдвэрлэж болдоггүй юм аа гээд хэлэхээр “Зүгээрээ” л гэдэг. Аливаа үнэт эдлэлийн үнэ багасна гэдэг материал нь л бага болно. Гэтэл үнэт эдлэл үнэ цэнэтэй байх ёстой.

Тэр ч бүү хэл зарим хүмүүс “Бэлгэнд өгөх гэж байгаа юм чинь ямар хамаатай юм” гэдэг. Тэрийг ойлгоогүй хүмүүс биднийг л буруугаар бодно. Жишээ нь, 80 мянган төгрөгөөр аяга авсан, урагдчихсан та нар луйвардчихлаа гэнэ. Материалыг нь хуулаад үзэхэд 70 гаран мянга нь материал нь байдаг. Дархчуул бид ямар ч луйвар хийдэггүй гэдгийг ойлгох хэрэгтэй.

Миний эмээ, өвөө надад “Хүн өөрөөсөө юм дутааж хүнд өгөх хэрэггүй. Хүнд өгсөнөөр хоосордоггүй. Хүний алга дээш нь харуулж бай” гэж захиж сургаж ирсэн. Магадгүй хүнд аяга бэлэглэх гэж байгаа бол битгий хямдханыг сонгож байгаарай. Хүнд өгөх гэж байгаа бол чанартай юм өгчих.

Монгол сэтгэлгээг бий болгочихвол хямдхан юм байхгүй болно. Байшин барьж байгаа хүн хямдхан дээвэр тавиулчихлаа гэж бодьё. Яс юман дээрээ тэр хүн хэмнэлт гаргах биш өөрөөсөө харамласан хэрэг болно. Бороо шороо ороод ирэхээр чанартайг нь хийхийг л бодно. Тэрэнтэй адил нэг удаа л сайн юм хийгээд өгчих. Эргээд та тэр хүнд сайнаар дурсагдана.

Сүүлийн үед хүмүүс бэлгэнд авсан аягануудаа авчирч янзлуулж байна. Бэлгэнд авсан олон аяганаас чанартай нь цөөхөн байдаг. Ганцхан би гэлтгүй манай хэдэн дархчуул дээр хүмүүс ирээд бэлгэнд авсан мөнгөн аягаа эвдүүлээд дахиж базуулаад хэдхэн ширхэг чанартай аяга болгуулж байна.

Тэгэхээр онцгүй ш дээ. Таны өгсөн бэлэг чанартай бол ядаж л нэр усаараа дурсагдаад байж байна. Муугаар бодоход ажил хөөцөлдөхөд таны нэрийг тогтоочихно. Хэрэг болно. Гэтэл хямдхан аяга бэлэглэчихсэн бол базаад нийлүүлчихнэ. Хэн хэзээ юу өгснийг мартчихна. Тэгэхээр заавал үнэтэй байхдаа гол нь биш жижигхэн ч гэсэн чанартайг өг. Мөнгөн аягийг хүн доор тавихгүй заавал дээшээ л зална шүү дээ. 

-Та нарт үлдэх ашиг их бага байх нь ээ?

-Бид нэг их мөнгө олох гэж хичээдэггүй ч мэдээж амьдралаа залгуулах ёстой. Дархан хүн ямар нэгэн юм хийхдээ улам л сайжруулахыг хүсдэг. Нэг хэв бэлдчихээд тэрийгээ л хэвлээд байдаггүй шүү дээ. Нэг ширхэгийг ч чин сэтгэлээсээ хийнэ. Хувийн хаустай, баян тансаг амьдралтай дархан хүн байхгүй шүү. Яг үнэдээ ихэвчлэн өөртөө л юм хийх гээд байдаг. Урлаг шиг ханддаг болчихсон. Хэрвээ мөнгө хөөсөн хүн бол өөртөө юм хийхгүй.

-Дархан хүн бурхан ухаантай гэдэг. Өвөө, аавынх нь өвлүүлсэн ухаан юу байна вэ?

-Би тэр зарчмаар л амьдарч байгаа. Өнөөдөр надаар хүн юм хийлгэхээд ирэхэд мөнгө хөөсөн бол би “За” гээд л юу ч байсан хамаагүй авна. Гэтэл тэгдэггүй. Юунд зориулж мөнгөн аягатай болох гэж байгааг, ямар учиртайг нь асуугаад “Хэрвээ та боломжтой бол тэдэн төгрөг нэмээд өгчих өө. Би авахгүй материалынх нь мөнгө юм. Тэгвэл таны хүссэн зүйл илүү үнэ цэнэтэй болно” гэж хэлдэг.

Хүмүүс янз бүрийн юм их хүсдэг. Болох, болохгүй юмыг нь хэлж өгдөг. Дархан хүн худал ярьж болохгүй хулгай хийж болохгүй архи дарс ууж болохгүй. Дээр үед дархчуудыг их хүндэлдэг байсан. Яагаад гэвэл дархан хүн зэвсгийн үйлдвэр л гэсэн үг.

Сүүлийн үед юм худалдаална гэдэг урлаг болчихлоо. Худалдаалах гэж “гоё” гэж хэлэхээсээ илүү энэ бүтээлийн ур хийц, хэн хийсэн гэдгийг хэлж өгдөг болсон. Тиймээс “Би яг юу хийснээ, яах гэж хийснээ мэддэг”. Тэр талаараа дархчуул улайрдаггүй. Урлаг талаасаа ч үйлдвэрлэл талаасаа ч хийдэг төрөлжсөн хүмүүс байдаг. Бид чанартай байхаар л бодож үнэт эдлэлийг өхийдэг.

Миний сэтгэл гаргаж хийсэн бүтээлийг авсан хүн дараа нь найз нөхөд, ах дүү, хамаатан садантайгаа ороод ирдэг. Энэ бол эргээд уулзах нүүртэй байгаагийн л шинж. Би мундаг гээд байгаа юм биш манай дархчуул ер нь тийм л байгаа.

-Манай зах зээл хэр том юм бэ?

-Манай зах зээл жижиг, хүн ам цөөхөн байна. Би Хятадын Шанхай хотод сурч байсан. Тэр үед доод тал нь 9 сая хүнтэй газар зах зээл гэж ярина гэж байсан. Тэгэхээр манай улс зах зээл мөн үү. Тоног төхөөрөмж авах гэхээр үйлдвэрлэлийн зориулалттай байдаг. Хэдэн зуугаар нь хийлээ гээд авах нь хэд билээ. Мөнгөн аягыг ээмэг бөгж шиг ихээр авахгүй.

Нэг аяга авчихаад түүнийгээ хэдэн үеэрээ өвлүүлж үлдээдэг. Тийм болохоор ус амьтай гэдэг шиг зөв сэтгэлээр авчихвал хэдэн үеэрээ зөв сайхан явахад тустай. Хүн хэзээ ч юмыг зарна гэж авдаггүй учраас хэрэглэгчид мэдлэгтэй болоосой.

-Монголын өв соёл хүмүүжлийн ач холбогдолтой байдаг шүү дээ?

-Гол нь тэр. Зарим хүмүүс хөөрөг Монгол биш гэдэг. Гэтэл тэр чинь өв соёл. Бүх юм учиртай. Монгол гэсэн бүхнээ дахиад л эхнээс нь хэрэглэж сургахыг зорьж байна. Би гэнэт л гарч ирээд мөнгөн аяга ярих гээд байгаа юм биш. Мөнгөн эдлэлийн гарал үүсэл ийм байж. Түүнийг хүмүүс ингэж хэрэглэж байж. Хэдэн зуугаар нь үйлдвэрлэчихээд “Одоо ав” гээд ч байгаа юм биш.

Хүн бүхэн өөртөө тохирсон мөнгөн аягатай байгаасай. Эрүүл мэндэд нь тустай шүү. Заавал надаас ав гээгүй. Гэхдээ үнэ цэнэ нь чухал. Надад нэг шанага байдаг юм. Өвөг дээдсээс өвлөж ирсэн. Тэр гуулин шанага хамгийн үнэ цэнэтэй эдлэл минь. Гэрийн маань хойморт байдаг. Нөгөө талаар хүндлэх ёс заадаг. Жишээ нь, аавын аяга хүндтэй учир хүрч болохгүй. Сүүлийн үеийн худалдан авагчид энийг ойлгож эхлээд байна.

-Аав ээжийгээ хүндлээд сурсан хүн бусад хүнийг хүндэлж сурна?

-Жишээ нь, манай урлан дээр нэг хүн ирээд захисан зүйлээ ямар болж байгааг харах зуурт аягаа хааш нь яаж харуулах, ямар ёс жаягтай вэ гэдгийг нь хэлж өгөөд явуулахад гэртээ очоод үр хүүхэддээ тэрийг хэлнэ. Ингэж болохгүй гэдгийг ч хэлж өгнө. Энэ нь өв соёлын өвлүүлж байгаа хэрэг.

Хүмүүст хэлэхийг хүссэн гол зүйл маань хэрэглэгч та өөрөө мэдлэгтэй байж, юмыг уншдаг байя. Мөнгөн аяга авахдаа хүний үгээр биш өөрт юу хэрэгтэйг мэдчихээд тэр хэрэгтэйгээ зөв сонгоод авч байх хэрэгтэй. Мэдлэгтэй хүн л зөв худалдан авалт хийнэ.

Мерседес бенз авах гэж байгаа хүн мөнгө бодохгүй худалдан авалт хийнэ. Учир нь мөнгөнөөс илүү миний аюулгүй байдал гэж харна. Гоё чамин байх нь чухал биш. Түүн шиг ойлгоогүй байж олон нийтийг битгий дага. Мэдэж судалж байж өөртөө юу хэрэгтэй байна, түүнээгээ л ав. 

Дараагийн асуудал нь Цагаан сараар гаргаж хэрэглэх нь зөв. Гэхдээ байнгын өдөр тутамдаа зөв хэрэглэчихдэг байгаасай. Бид жишээ нь домбыг гэв гэнэт зохиогоод мөнгө олж байгаа юм биш. Маш олон сар бодож байж олны санал, зөвөлгөөг сонсож байж сайжруулж хийсэн. Ганцхан надаас ав гэхгүй итгэлтэй газраас нь л очоод авчих. Би дархчуулаа өмөөрч байна. Мэдээж боломж бололцоо нь байдаг бол эртхэн захиалаад, эсвэл бэлэн хийц авчих. Амьдралд мөнгө чухал боловч мөнгөөр үнэлж болохгүй зүйл нь аав ээжийн үлдээсэн өв байдаг.

-Өнгөрсөн үеэрээ бахархаж өснө гэдэг энэ цагт амьдарч байгаа хүмүүст хамгийн үнэтэй зүйл юм болов уу?

-Тэгэлгүй яахав өвөг дээдсээ мэдэхгүй хүн сармагчинтай адил гэдэг. Тэр ч утгаараа миний аав дархан хүн байлаа гэхэд өвөө галч байсан байж болно. Би хэн бэ, хаанаас гаралтай, ураг төрлөө мэддэг байх нь чухал. Би энэ тал дээр маш их ач холбогдол өгдөг. Бүх хамаатан садантайгаа танилцаад, ургийн баяр хийгээд, ирж амжаагүй бол өөрийн биеэр уулзаж танилцдаг.

Ямар ч байсан би хоёр талынхаа хамаатан саданг маш сайн мэддэг. Энэ маань ч бусдад нөлөөлсөн. Эхнэрийн маань талынхан надаас туршлага судлаад ах дүү хамаатан саднуудаа танилцуулсан ургийн баяраа хүртэл хийсэн. Би логог нь ч хийж өгсөн.

-Ямар лого?

-Дарханы бүтээл маш олон талын ач холбогдолтой “Алтан гэрэгэ” шиг зүйл хийж өгсөн. Цагаан сараар айлд орж хараад манай хамаатан юм байна гээд хэн ч мэдчихэж болно. Одоо тэгэхгүй бол ураг садангууд хоорондоо гэрлэх шахаад байна. Надад ч их ойрын жишээ байдаг.

Тиймээс дарханы ажлаар дамжуулаад 4 нь ч хамаатнуудынхаа ургийн баярын логог хийж өглөө. Говь-Алтайд нэг айлд хийж өгсөн. Тэднийх маш олуулаа. Гэтэл айл болгонд л нэг ижил лого хийгээд өгчихөд хэн нь ч гэсэн хамаатан садна гээд мэднэ гэсэн үг. Гууль, зэс, чулуу гоёлоор чимж, адууны тамгыг нь оруулаад гэрэгэ хийсэн гэсэн үг.

-Цахим орчинд ч хамаатнуудаа олж болох нээ?

-Тийм. Заавал гэрт нь очиж үзээгүй байж болох ч цахим орчин ашигладаг болсон энэ цагт оруулсан зургийнх нь арын хананд тухайн ураг овгийн адууны тамга байхад л хамаатнууд бие биенээ олоод авах боломжтой.

-Хот газрынхан өвөг дээдсийнхээ адууны тамгыг мэдэхгүй байх магадлал өндөр юм даа?

-Өөрийн туршлагаас харахад бүх хамаатан саднаа судлаад маш олон хүн олдсон. Хот хөдөөгүй л байсан. Хөдөөний “Орк” гээд байгаа тэр хүмүүс чинь хамгийн их мэдэх зүйлтэй байдаг юм билээ. Тэгээд ургийн нэрээ тодотгоод, ургийн овог тасалдсан бол удам судраасаа нэр хүндтэй хүнээрээ нэрлэнэ. Мэдээж тэр хүн малтай, морины тамгатай байсан.

Тэрийг нь жаахан баяжуулж, сэргээгээд гэрэгэ хийнэ гэхэд хэн ч татгалздаггүй. Айл болгон морины тамга хийлгэх нь чухал биш гол нь таних тэмдэг, лого л байж байна. Ямар ч байсан манайхаар ураг удмынхаа логог зохиолгож, гэрэгэ хийлгэсэн хүмүүс ах дүү хамаатан садантайгаа суух асуудал үүсэхгүй.

Хамгийн гол нь уран дархан хүмүүс, эцэг өвгөдөөсөө өвлөн авсан удам судартай, мөнгө олох гээд улайрдаг хүмүүс биш, харин ч их түүхийг бүтээх чадалтай эрхэм хүмүүс шүү гэдгийг хэлмээр байна.

-Ярилцсанд баярлалаа. 


Манай урлангийн захирал 2018-02-05нд www.gogo.mn/r/mn0oe сайтад өгсөн ​ярилцлага


Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл